MongolianEnglish (United Kingdom)
A+ R A-

УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН КОРПОРАЦИ ( НЭГДЭЛ )-ИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэхүү дүрмээр Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн корпораци ( цаашид “ нэгдэл “ гэх-ийн ) –ийг байгуулах, түүний  эрх, үүрэг, удирдлага, санхүүжилттэй холбогдсон нийтлэг  харилцааг зохицуулна.

2. Нэгдэл нь уламжлалт анагаахын эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил, сургалт, эмчилгээ – сувилгаа, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааг хослон явуулах эрдэм шинжилгээний байгууллага мөн.

3. Нэгдэл нь үйл ажиллагаандаа “ Үндсэн хууль “, “ Шинжлэх ухаан, технологийн тухай “ болон “ Технологи дамжуулах тухай “ хууль, “ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай “ хууль болон хууль тогтоомжийн бусад актыг удирдлага болгоно.

4. Нэгдлийн бүрэлдэхүүнд уламжлалт анагаахын эрдэм шинжилгээний болон бусад байгууллага нэгдэж болно.

5. Нэгдлийн дүрмийг нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөл батална.

6. Нэгдэл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

7. Нэгдэл нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авна.

8. Нэгдлийн бүрэлдэхүүнд байгаа аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг нэгж нь улсын татварын албанд бүртгүүлнэ.

 

Хоёр. Нэгдлийн эрх , үүрэг

9. Нэгдэл нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх болон сургалт, эмчилгээ – сувилгаа, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд дараах эрх эдэлнэ.

9.1. Онолын суурь судалгаа, шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтанд өрсөлдөх, тэдгээрийг гүйцэтгэх;

9.2. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлынхаа үр дүнг ашиглах, технологи дамжуулах үйл ажиллагаа явуулах ;

9.3. дотоод  гадаадын болон олон  улсын байгууллагатай  шинжлэх ухаан, технологийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд хамтран ажиллах, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, зуучлах ;

9.4. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ  зах зээлд мэдээлэх, сурталчлах, худалдан борлуулах, шаардлагатай гэж үзвэл хэрэглэгчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх  ;

9.5. туршилтын бүтээгдэхүүн борлуулсан орлогоо  эрдэм шинжилгээ туршилтын баазыг бэхжүүлэхэд зарцуулах ;

9.6. эрдэм шинжилгээний бус ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн, эмчилгээ, сувилгаа хийсний болон сургалт зохион байгуулсны орлогыг дүрмийнхээ зорилтын дагуу ашиглаж захиран зарцуулах ;

9.7. нэгдлийн эд хөрөнгийг үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах, зохих журмын дагуу үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах ;

9.8. дотоод , гадаадын болон олон улсын шинжлэх ухааны болон эрүүл мэндийн байгууллага, нийгэмлэг, холбоонд гишүүнээр элсэх, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох, удирдлагад сонгогдох ;

9.9. үйл ажиллагааныхаа чиглэлээр салбарын мэргэжлийн боловсон хүчинг давтан сургах болон мэргэшүүлэх сургалт явуулах ;

9.10. холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гадаад, дотоодын байгууллага, иргэдтэй хамтран нэгдлийн дэргэд аж ахуйн нэгж байгуулах ;

9.11. хуулиар хамгаалсан нууцаас бусад мэдээллийг чөлөөтэй олж авах:

9.12. холбогдох хууль тогтоомжоор  төрийн болон байгууллагын нууцад хамааруулаагүй тохиолдолд эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлынхаа үр дүнг нийтэд мэдээлэх:

9.13. гадаад орон, олон улсын байгууллагын шинжлэх ухаан, технологийн хамтын  ажиллагаанд оролцох, эрдэм шинжилгээний бага хуралд судалгааны ажлынхаа үр дүнг илтгэх:

9.14.  хууль тогтоомжоор олгосон бусад эрх.

 

10 . Нэгдэл нь дор дурьдсан үүрэгтэй байна :

10.1. Уламжлалт анагаах ухааны талаархи улсын хэмжээний бодлого боловсруулахад оролцох ;

10.2. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг шинжлэх ухааны өндөр түвшинд гүйцэтгэх ;

10.3.    эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын  үр дүнг туршин,  үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга хэмжээ авах ;

10.4. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх талаар захиалагчтай байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл чанаргүй буюу дутуу биелүүлсэн тохиолдолд уг ажлыг чанарын зохих түвшинд хүргэх, хохирлыг арилгах үйл ажиллагааг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх буюу олгосон хөрөнгийг нөхөн төлөх ;

10.5. эрдэм шинжилгээний ажлын явц, гүйцэтгэл, санхүүжилтийн хөрөнгийн зарцуулалтын мэдээ, тайланг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон захиалагч, санхүүжүүлэгч байгууллагад тогтоосон журмын дагуу тогтмол буюу тэдгээрийн шаардсан тухай бүр үнэн зөв гаргаж өгөх ;

10.6. үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу онолын бага хурал, сургалт семинар зохион байгуулах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, мэдээллээр хангах ;

10.7. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын тайланг шинжлэх ухаан, технологийн мэдээллийн санд зохих журмын дагуу хүлээлгэн өгч хадгалуулах ;

10.8. туршилтын бус үйлдвэрлэл, аж ахуй, бизнесийн үйл ажиллагааг аж ахуйн нэгж, татварын тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх ;

10.9. улсын хэмжээнд уламжлалт эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ, эмийн үйлдвэрлэлтэй холбоотой хууль тогтоомж, норм, норматив, стандарт, дүрэм зааврыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ;

10.10. уламжлалт эм, бэлдмэлд чанарын баталгаажуулалт хийж, чанарын баталгаагүй бүтээгдэхүүнийг эмчилгээ үйлчилгээнд хэрэглэхийг хориглох, ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийг экспортлох, импортлоход ЭАХС-ын болон Эм биобэлдмэлийн хяналтын албадтай хамтарч улсын нэрийн өмнөөс экспертиз хийх ;

10.11. уламжлалт анагаахын чиглэлээр ажиллаж байгаа улс, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ;

10.12. уламжлалт эмийн түүхий эдийн нөөцийг тогтоох, ховордсон болон гадаадын зарим эмийн ургамлыг нутагшуулан тарималжуулах, ургамал , амьтан, эрдсийн гаралтай ховор түүхий эдийг хяналтандаа авч, арвижуулан хамгаалах, ашиглах, хэрэглэх заавар журам боловсруулах ;

10.13. Эмийн ховордсон амьтдыг ( хүдэр, буга гэх мэт ) хяналтандаа вач хамгаалах, түүхий эдийг нь  эм, танд хэрэглэх аргазүй, технологийн нөхцөл, стандартыг боловсруулан батлуулж мөрдөх ;

10.14. Хүн амын өвчлөл, эндэгдлийг судалж, түүнтэй холбогдсон уламжлалт эмийн эмчилгээ, сэргийлэлт, үйлчилгээ, эмийн талаархи мэдээллийг цуглуулах, боловсруулах, задлан шинжлэх, мэдээлэх ;

 

Гурав. Нэгдлийн бүтэц, удирдлага

11. Нэгдэл нь:

- Эрдэм шинжилгээний төв

- Уламжлалт анагаахын клиник, амбулатори

- Уламжлалт эмийн үйлдвэр

- Уламжлалт анагаахын сургалтын тэнхим гэсэн үндсэн бүтэцтэй байна.

11.1 . Нэгдлийн эрдэм шинжилгээний төв нь :

- уламжлалт анагаах ухааны онол арга зүйн нэгдсэн лаборатори

- байгалийн эмт бодис баялаг судлалын нэгдсэн лаборатори

- уламжлалт эм судлалын нэгдсэн лаборатори

- байгалийн нэгдлийн хими – технологийн нэгдсэн лаборатори

- уламжлалт анагаах ухааны эмнэл зүйн нэгдсэн лаборатори

- уламжлалт анагаахын мэргэжил дээшлүүлэх салбар

- хүдэр үржүүлэх эрдэм шинжилгээний станц

- эмийн ургамал тарималжуулах плантаци гэсэн нэгжтэй байна.

11.2. Уламжлалт эмийн үйлдвэр нь үйлдвэрлэл , аж ахуйн үйл ажиллагаа явуулах бөгөөд  дотроо судалгаа  туршилтын үр дүнд бий болсон  бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх жижиг цехтэй байх ба үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтарсан жижиг, дунд үйлдвэрлэлийг  өмчийн хэлбэр харгалзахгүйгээр байгуулан ажиллаж болно.

12. Нэгдэл нь удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлтэй байна

13. Удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийг  дараах зарчмаар байгуулна. Үүнд:

13.1. удирдах зөвлөл нь холбогдох чиглэлийн яамнаас 2, шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн  захиргааны төв байгууллага, Төрийн өмчийн хороо, Шинжлэх ухааны академиас тус бүр 1 төлөөлөл бүхий 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна;

13.2. удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна;

13.3. удирдах зөвлөлийн даргыг Шинжлэх ухааны академи, Төрийн өмчийн хороо болон холбогдох чиглэлийн яамтай  зөвшилцөн шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор зөвлөлийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно ;

13.4. удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд гишүүдийн дийлэнх  олонхи нь оролцсон тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Удирдах зөвлөлийн хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хуралдуулна;

13.5. удирдах зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар шийдвэр гаргана. Үүнд:

- нэгдлийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх тухай саналыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдад тавих ;

- нэгдлийн дүрмийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах ;

- нэгдлийн үйл ажиллаганы төлөвлөгөөг батлах, тухайн жилийн төсвийг хуваарилах ;

- нэгдлийн зохион байгуулалтын бүтэц, цалингийн сан, хэмжээ болон урамшууллын журмыг тогтоох ;

- нэгдлийн үйл ажиллагааны болон төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх ;

- нэгдлийг хөгжүүлэх бодлого, үйл ажиллгааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж мөрдүүлэх .

14. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байх бөгөөд тус зөвлөл нь нэгдлийн судалгаа шинжилгээний ажлын чиглэлийг тодорхойлж, түүний явц, үр дүн болон эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэгтэй байна.

15. Эрдмийн зөвлөлийг нэгдлийн гүйцэтгэх захирал даргалах бөгөөд түүний бүрэлдэхүүнийг гүйцэтгэх захирлын саналыг үндэслэн удирдах зөвлөл батална.

16. Нэгдлийн эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь нь оролцсон тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.

Хуралдаанаар дор дурьдсан асуудлыг хэлэлцэнэ :

-  эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын шинжлэх ухааны түвшин, үр дүнгийн чанар ;

- эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагаа, ур чадварын өсөлт, түвшинг тогтоох, тэдний мэргэшлийг нь дээшлүүлэх, шагнал урамшуулалд тодорхойлох асуудал .

 

17. Нэгдлийн өдөр тутмын ажлыг гүйцэтгэх захирал удирдах бөгөөд гүйцэтгэх захирлыг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдах зөвлөлийн саналыг харгалзан томилно.

18. Гүйцэтгэх захирал нь  эрдэм шинжилгээний ажлын дадлага, туршлагатай, эрдмийн зэрэг, цолтой, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх мэдлэг, чадвартай байна.

19. Гүйцэтгэх захирал нь эрдэм шинжилгээний ажил, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны  талаар шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана.

20. Үр дүнгийн гэрээг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуульд заасан хугацаанд дүгнэнэ.

21. Гэрээгээр хүлээсэн ажил, үүргээ хангалтгүй биелүүлсэн гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн чөлөөлнө.

22. Гүйцэтгэх захирал нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, үүргийг тодорхойлсон гэрээг Төрийн өмчийн хороотой байгуулж ажиллана. Гэрээнд дараах нөхцлийг тусгасан байна:

- нэгдлийн эзэмшил газрыг эзэмших, ашиглах, хамгаалах ;

- нэгдлийн үндсэн хөрөнгөд хамаарах үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгийг данснаас хасах ( актлах, шилжүүлэх гэх мэт ) , шинээр авахдаа зөвшөөрөл авах ;

- нэгдлийн барилга байгууламж, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн зохих хувийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу төвлөрүүлэх .

23. Гүйцэтгэх захирал нь нэгдлийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар дор дурдсан эрх эдэлнэ.

23.1. гүйцэтгэх захирлын саналаар удирдах зөвлөл хуралдаж болох ба хуулийн зөвлөхтэй байж болно.

23.2. дотоод, гадаадын байгууллага, иргэдтэй харилцаж, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, технологи дамжуулах болон үйлдвэрлэл, худалдааны гэрээ, хэлцэл байгуулах ;

23.3. нэгдлийн захиргааны албан тушаалтан, ажилтнууд болон салбар нэгжийн дарга удирдлагыг томилох, чөлөөлөх, тэднийг сургаж дадлагажуулах, мэргэшүүлэх, шагнаж урамшуулах, шийтгэх асуудлыг шийдвэрлэх ;

23.4. нэгдлийн үйл ажиллагаанд мөрдөх тушаал, зааврыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн гаргах ;

23.5. хууль тогтоомжоор олгогдсон бусад эрхийг эдлэх .

24. Гүйцэтгэх захирал нь дор дурьдсан үүргийг хэрэгжүүлнэ.

24.1. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, удирдах зөвлөлийн даргатай зөвшилцөн хурлын товыг тогтоож, хурлын зар хүргэх ;

24.2. нэгдлийн салбар нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх ;

24.3. нэгдлийн шинжлэх ухааны чадавхи, ажлын үр ашиг, чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх ;

24.4. шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн орчинд тогтвортой ажиллах хамт олныг бүрдүүлэх ;

24.5. төслийн захиалга, түүний санхүүжилтийн саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх ;

24.6. хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргийг биелүүлэх.

 

Дөрөв. Нэгдлийн үйл ажиллагааны санхүүжилт

25. Нэгдлийн гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг дор дурдсан эх үүсвэрээс санхүүжүүлнэ :

25.1. Улсын захиалгатай суурь судалгаа, шинжлэх ухаан, технологийн төслийг Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр ;

25.2. орон нутгийн засаг захиргааны байгууллагын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр ;

25.3. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг захиалагчийн хөрөнгөөр ;

25.4. эмнэлэг, сувиллын үйл ажиллгааны зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас ;

25.5. амбулаторийн зардлыг улсын төсвөөс ;

25.6. бусад үйл ажиллагааг өөрийн орлогоос санхүүжүүлнэ .

 

Тав. Нэгдлийг татан буулгах, өөрчлөн байгуулах.

26. Нэгдлийг татан буулгах, өөрчлөн байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд татан буулгах тохиодолд түүний эзэмшилд байсан эд хөрөнгийг худалдан борлуулж, өр авлагыг барагдуулсны эцэст үлдэгдэл мөнгөн хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.

27. Дуусгалтын тайлан тэнцлийг гаргаж улсын бүртгэлээс хасуулснаар нэгдлийг татан буулгасанд тооцно.

 

 

 

 

 

Зочин

Одоогоор 1 зочин холбогдсон

« Есдүгээр сар 2014 »
1 2 3 4 5 6 7
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Санал асуулга

Та манай эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгнө үү!