Зочин

Одоогоор 11 зочин холбогдсон

« Аравдугаар сар 2018 »
1 2 3 4 5 6 7
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Санал асуулга

Та манай эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгнө үү!

MongolianEnglish (United Kingdom)
A+ R A-

Бидний бахархал-Үе үеийн захирлууд

Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Цэндийн  Хайдав
Цэндийн Хайдав нь 1922 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын Саригийн хөндий гэдэг газар төрсөн. 1949-1954 онд МУИС-ийн Анагаах ухааны факультетэд суралцан хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн.
1946-1949 онд Цэргийн яаманд эмийн сангийн найруулагч, эрхлэгч
1954-1956 онд Булган аймгийн эмнэлгийн ерөнхий эмч, эмнэлгийн хэлтсийн дарга
1956-1959 онд Анагаах ухааны дунд сургуулийн захирал
1959-1973 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнд ЭША, тасгийн эрхлэгч
1973-1981 онд ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэнд захирал
1981-1990 онд Ардын эмнэлгийн хүрээлэнд захирал
1993-1996 онд АУИС-ийн Уламжлалт Анагаахын Тэнхимд зөвлөх багш
1991 оноос 2009 он хүртэлх хугацаанд Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан, Технологи Үйлдвэрлэлийн Корпорацийн Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх, “Хүдрийн заар судлал” төслийн удирдагчаар ажиллаж байсан.
1965 онд “Дорно дахины анагаах ухааны зарим өвөрмөц онцлог ба монгол ардын эмнэлэгт хэрэглэгдэж байсан эмийн ургамал” сэдвээр Анагаах ухааны дэд докторын зэрэг,
1972 онд “Монгол алтан хундага” ургамлын эмзүйн судалгаа“  сэдвээр Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд түүний эдгээр бүтээлүүд нь Монгол анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажилд жинтэй хувь нэмэр оруулсан байна.
Мөн 1982 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд Монголын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн болсон бөгөөд 1998 онд Профессор цол хүртсэн.
1995-2009 онд Төв Азийн уламжлалт анагаах ухааны олон улсын холбооны ерөнхийлөгч ажиллаж байсан.
Хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан нүүдэлчдийн соёлын “Оюуны цөм” Монгол анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажлыг 1959 онд Эм судлалын лаборатори байгуулагдсанаар эхэлсэн бөгөөд залуу эмч Ц. Хайдавын удирдлаган дор анагаах ухааны буурал түүхийг эргэн харах, эмийн ховор ном судар цуглуулах, амьд сэрүүн байсан  мэргэд, оточ, маарамба нартай хамтран  эмийн ургамлын хайгуул судалгаа явуулж Монгол орны эмийн   ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэй  бүртгэх, судалгаа шинжилгээний шинэ мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээ сорил туршилтын материаллаг баазыг бэхжүүлэх, эмийн ургамлын хими-фармакологийн  судалгаа явуулах, шинэ эм зохион бүтээх зэрэг асуудлууд тодорхой үе шаттайгаар хэрэгжин Монгол анагаах ухааныг сэргээн хөгжүүлэх бааз суурийг бий болгож чадсан байна.
Академич Ц. Хайдавын удирдсан Эм судлалын лаборатори 1973 онд Байгалийн нэгдлийн хүрээлэн,  1981 онд Ардын эмнэлгийн хүрээлэн болон өргөжин зохион байгуулагдсан бөгөөд өрнийн анагаах ухааны номлолоор тайлбарлаж болох тодорхой бодис, үйлдлийг хайн олж баталгаажуулах, эрдэм шинжилгээ, сорил туршилтын хэдэн арван судалгааг гүйцэтгэсэн билээ.
Академич Ц. Хайдав нь “Ламын” гэсэн тодотголтой хоригдож, хаягдаж мартагдан гээгдсэн Могол анагаах ухааныг коммунист үзэл суртлын хатуу чанга хяналтан дор  “Уламжлалт анагаахын шинжлэх ухааны шинэ чиглэлийн үндсийг бий болгосон бөгөөд эрдэм шинжилгээ- эмчилгээ үйлчилгээ- эмийн үйлдвэрлэлийг Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй цогц байдлаар хөгжжүлэх асуудлыг шийдвэрлэж чадсан цэцэн билэгтэй, холч бодлоготой, өндөр мэдлэгтэй эрдэмтэн байлаа.   
Ц. Хайдавын уламжлалт анагаах ухаанд оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийг төр засгаас үнэлж 1948 онд Байлдааны хүндэт медаль,1960 онд Хөдөлмөрийн хүндэт медаль,1963 онд “Улсын шинийг санаачлагч” хүндэт тэмдэг, ШУА-ийн 2-р зэргийн шагнал,1969 онд Шинжлэх ухааны шагналтан,1971 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол,1982 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүн,1985 онд “Алтан гадас” одон, 1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн (Академич),1992 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,1996 онд “Шинжлэх ухааны  тэргүүний ажилтан” цол,1997 онд Шри-Ланкийн Хувилбарт анагаах ухааны их сургуулийн  хүндэт доктор,
1999 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот дахь их сургуулийн хүндэт  профессор,2002 онд ШУА-ийн хүндэт дэвтэрт бичигдсэн,2002 онд Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, 2003 онд Хан Хэнтий аймгийн хүндэт иргэнээр тус тус өргөмжлөгджээ.

Монголын анагаах ухааны академийн жинхэнэ гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Бэгзсүрэнгийн Дагвацэрэн

Бэгзсүрэнгийн Дагвацэрэн нь 1953 онд Завхан аймгийн Цэцэн –Уул сумын Хүйтэн галуутай хэмээх газар төрсөн. 1961-1971 онд бүрэн дунд сургууль, 1971-1976 онд АУДСургуулийг эрүүл ахуйч-хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1997 онд Монголын Байгалийн ШУ академийн жинхэнэ гишүүн, 1998 онд Дэд профессор, 2003 он Хятад улсын ӨМӨЗО-ны Өндөр Молекулт Нэгдлийн хүрээлэнгийн хүндэт профессор, 2007 он Монголын Анагаах ухааны академийн жинхэнэ гишүүн, Академич, 2008 онд Профессор цол хүртсэн.
Академич Б.Дагвацэрэн нь 1976-1977 онд Завхан аймгт тархвар судлалын эмч, сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, 1977 оноос ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэн, Ардын эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1990-1996 онд Ардын эмнэлгийн хүрээлэнгийн захирал, 1996-1997 онд Уламжлалт анагаах ухаан рашаан сувилалын үндэсний хүрээлэнгийн захирал, 1998 оноос өнөөг хүртэл Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн корпорацийн Эрдэм шинжилгээний төвийн захирал, төслийн удирдагчаар  ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд эрдэм шинжилгээний 18 төсөлт ажил удирдаж хэрэгжүүлсэн байна.
1990-1992 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн дэрэгдэх эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн, 1990-1994 онд Монгол-Энэтхэгийн найрамдалын нийгэмлэгийн гишүүн, 1990-1999 ЭМЯ-ы Эм био бэлдмэлийн зөвлөлийн гишүүн, 1997 оноос Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүн, 2002 оноос Анагаахын Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдэмийн зөвлөлийн гишүүн, 1990-1998 онд Ардын Эмнэлгийн хүрээлэн, Уламжлалт анагаах рашаан сувилалын үндэсний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн дарга,1998 оноос УАШУТҮК-ийн эрдмийн зөвлөлийн дэд дарга, 2002-2006 онд ЭМЯ-ны Уламжлалт анагаахын мэргэжлийн зөвлөлийн дарга ,  2007 оноос гишүүн  2008 оноос дарга, 2006 оноос Уламжлалт анагаахыг дэлгэрүүлэх Япон, Монголын „Вансэмбэрүү“ ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, 2002 оноос Уламжлалт анагаахын эмч судлаачдын нийгэмлэгийн тэргүүн, 2009 оноос нийгэмлэгийн зөвлөх, 2004 оноос  ЭМЯ-ны стандартын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байна.
Академич Б. Дагвацэрэн нь 1983-1985 онд ЗХУ-ын Донын Ростов хотын АУДС-д аспирантурт суралцаж “Дөрөвт исэлдсэн пиримидины зарим шинэ уламжлалын психо-фармакологийн судалгаа” сэдвээр анагаах ухааны дэд докторын зэрэг,1995 онд АУИС-д “Монгол, Төвдийн Уламжлалт Анагаах Ухааны онол арга зүйн үндсэн зүй тогтол” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан нь Уламжлалт анагаах ухааны үндсэн ойлголтуудыг тогтолцооны ерөнхий онолын үүднээс тайлбарлаж, судалгааны шинэ шатны эрэл хайгуул хийх боломжийг бий болгосон юм.
Б.Дагвацэрэнгийн  судалгаа шинжилгээний ажлын үндсэн чиглэл нь Уламжлалт анагаах ухаан, эмт бодис эм судлал, онол арга зүй, буддын гүн ухаан, орчин үеийн тогтолцооны ерөнхий онол бөгөөд 4 доктор, 10 гаруй магистрийн ажил амжилттай удирдаж хамгаалуулахын зэрэгцээ ном товхимол-10, эрдэм шинжилгээний өгүүлэл 90, илтгэл, товчлол 100 гаруйг хэвлүүлэн нийтийн хүртээл болгоод байна.
Шинэ бүтээл-1, патент-3, стандарт-14, арга аргачлал-5, шинэ эм-5, Шинжлэх ухаан технологийн 18 төсөл боловсруулж удирдсан.
Академич  Б. Дагвацэрэн нь судалгаа шинжилгээний ажлын үр дүнг  үйлдвэрлэлд  шилжүүлж шинэ эм, бэлдмэлийг эрүүлийг хамгаалахын практикт  нэвтрүүлэх асуудалд онцгой анхаарч уламжлалт эмийн үйлдвэр байгуулах, нэн ховор болон, ховордсон эмийн ургамал, эмийн түүхий эдийг тарималжуулах плантаци байгуулах асуудлыг шийдвэрлэсэн зэрэг нь  онцгой ач холбогдолтой алхам болсон байна.

Монголын анагаах ухааны академийн жинхэнэ гишүүн,Анагаах ухааны доктор (Ph.D), профессор, МУ-ын хүний гавъяат эмч Намралын Төмөрбаатар

Дархан Оточ овогтой Намралын Төмөрбаатар нь 1948 оны 03 дугаар сарын 8-нд Ховд аймгийн Манхан суманд  Ботгоны хавцал хэмээх газар төрсөн.
Н.Төмөрбаатар 1971 онд АУДС-ийн эмчилгээний анги төгсөж УКТЭ-ийн мэдрэлийн тасагт 1971-1980 онд эмч, 1980 оноос АУДС-д багш, хичээл ангийн эрхлэгч хийж байгаад 1989 онд Монгол оронд анх удаа уламжлалт анагаах ухааны клиникийн эмнэлгийг 50 ортой, амбулаторийн нарийн мэргэжлийн 7 кабинеттай байгуулж уг бааз эмнэлгийг түшиглэн 1989 онд Монголын Уламжлалт Анагаахын тэнхимийг байгуулж  тэнхмийн эрхлэгчээр нь ажиллаж эхэлсэн билээ.  Улмаар тус тэнхим нь 2000 онд АУИС-ийн Уламжлалт Анагаахын Сургууль болон өргөжихөд захирлаар ажиллан  тухайн сургуулийн хөгжил дэвшилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд  одоо тус  сургууль болон клиникийн  эмнэлэгтээ профессор, зөвлөх эмч, багшаар  ажиллаж байна.
Мөн 1996-1997 онд Уламжлалт анагаах Ухаан Рашаан Сувиллын Үндэсний Хүрээлэнгийн орлогч захирал, 1997 оноос 2005 он хүртэл Уламжлалт Анагаах Ухааны Төвийн захирал, Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Корпорацийн гүйцэтгэх захирлын албыг тус тус хавсран хашиж байсан нь уламжлалт анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулсан билээ.
Н.Төмөрбаатар нь 1971-1974 онд Москва хотын эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтэд мэдрэлийн эмчийн, 1992-1994 онд Бээжин хотын Хятад эмнэлгийн дээд сургуульд суралцан Зүү-төөнө заслын эмчийн нарийн  мэргэжил тус тус  эзэмшжээ.
1980-1984  онд ЗХУ-ын Москва хотын мэргэжил дээшлүүлэх институтэд   аспирантурт суралцаж “Хүзүүний остеохондрозын шалтгаант тархины цусан хангамжийн дутагдал“ сэдвээр анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан бөгөөд  1997 онд дэд профессор, 2001 онд  профессорын зэрэг тус тус хүртсэн.
Түүнчлэн залгамж халаа  эмч, эрдэмтдийн сургах ажилд байнга оролцон 2000 гаруй уламжлалт ангагаах, зүү төөнө заслын эмчийг мэргэшүүлж,   7 доктор, 12 магистрын  эрдэм шинжилгээний ажлыг удирдан, докторын зэрэг горилсон 10 бүтээлд албан ёсны шүүмж бичиж эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 80 гаруйг нийтлүүлж  хэлэлцүүлсэн байна.
Мөн “Таван засал“, “Хануур засал“, “Элэгний өвчнийг уламжлалт аргаар эмчлэх нь”, “Халуун зүү засал”,  “Монголын уламжлалт анагаах ухаанд элэгний эмчилгээнд хэрэглэж ирсэн эмийн ургамлын судалгаа”, “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төсөл” төслүүдийг удирдан амжилттай хэрэгжүүлсэн байна.
Н.Төмөрбаатар нь   Мэдрэлийн өвчин судлалын сурах бичиг, “Халуун өвчин“, “Монгол Төвд анагаах ухаанд хэрэглэгддэг мод үрийн эмийн зүйлс“, “Зүү төөнө заслын сүвийн хэмжил зүй“, “Толгойн өвдөлтийг өрнө дорны ухаанаар оношлох, эмчлэх арга”,  “Монголын уламжлалт анагаах ухааны онолын үндэс”, “Чихний зүү засал”, “Гарын зүү” “Уламжлалт анагаахын суурь мэдлэг”, “Зүү төөнө заслын онолын үндэс” зэрэг ном, сурах бичиг  117 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж  нийтийн хүртээл болгожээ.    
Н.Төмөрбаатар нь  мэдрэлийн болон уламжлалт анагаах ухаан, зүү төөнө заслын чиглэлээр өндөр нарийн мэргэшсэн, сургалт эрдэм шинжилгээний ажилд бүрэн туршлагажсан эмч, багш билээ.
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх болон эрдэм судлал сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг нь төр засаг өндрөөр үнэлж Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, “Боловсролын тэргүүний ажилтан, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”,  Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан   “Алтан гадас одон” -оор тус тус шагнасан билээ.
Н.Төмөрбаатар  нь Монгол оронд Уламжлалт анагаах ухааны  үндэсний дээд боловсролтой эмч мэргэжилтэн бэлтгэх ажлыг гардан зохион байгуулж өнөөгийн түвшинд хүргэсэн, орчин үеийн анагаах ухааныг уламжлалт анагаахын оношлогоо эмчилгээтэй хавсарсан эмчилгээний арга барилыг практикт нэвтрүүлсэн, уламжлалт анагаахын клиникийн эмнэлгийг сэргээн хөгжүүлэх үндэс суурийг тавьсан   зэргийг нь үндэслэн Монгол улсын “Хүний гавъяат эмч” цолоор шагнасан юм.  

Анагаах ухааны доктор, дэд профессор Чимэдцэрэнгийн  Чимэдрагчаа
Чимэдцэрэнгийн Чимэдрагчаа нь 1972 онд Улаанбаатар хотод  төрсөн. Тэрээр 1980-1990 онд бүрэн дунд сургууль, 1990-1996 онд АУИС-ийг “Уламжлалт анагаахын эмч” мэргэжлээр, улаан дипломтойгоор төгссөн юм. 1996 оноос АУИС-ийн Монголын уламжлалт анагаах ухааны тэнхимд дотор заслын багшаар ажилласан. 2006 оноос УАШУТҮК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Ч.Чимэдрагчаа нь шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагад тасралтгүй 17 жил ажиллаж байгаагийн сүүлийн 5  жилд  Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн төв байгууллагыг толгойлон ажиллаж байна.
Доктор Ч. Чимэдрагчаа нь  2003 онд  “Мана -4 тангийн фармаколоийн судалгааны зарим асуудалд” сэдвээр анагаах ухааны  докторын зэрэг хамгаалсан.
Түүний бичиж хэвлүүлсэн “Монголын уламжлалт анагаах ухааны өвчнийг анагаах увидас”, “Монголчуудын эрүүл аж төрөх ёс” ном нь уламжлалт анагаах ухааны үндсэн сурах бичиг болж байна.
Ч.Чимэдрагчаа нь өөрөө болон бусадтай хамтран “Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөр” 2005-2015, “Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө” 2007-2020 зэрэг  баримт бичгийн хүрээнд,  Монгол эмнэлгийг хөгжүүлэхтэй холбоотой үндсэн чиглэл, төсөл 6-г боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд илтгэл, өгүүлэл 40 гаруйг үүнээс гадаадад 15, ном гарын авлага, нэг сэдэвт бүтээл 8, доктор магистрын ажлын албан ёсны шүүмж 3, докторын ажилд тэргүүлэх байгууллагын санал 5, хамтран зохион байгуулсан гадаад, дотоодын хамтарсан эрдэм шинжилгээний хурал зөвлөлгөөн 4, уламжлалт эмийн технологи, стандартын заавар 7, эмчилгээний арга аргачлал 5, шинэ эм 3-ийг хамтран хийж гүйцэтгэжээ. Мөн 1 докторын, 3 магистрын ажлыг удирдан хамгаалуулсан байна.
Ч.Чимэдрагчаа нь 2006-2009 онуудад 6 төслийн ерөнхий зохицуулагч, гүйцэтгэгчээр хамтран ажиллаж,  хэрэгжүүлж байна. Эдгээр төсөлт ажлын хүрээнд ном-15, өгүүлэл-219, илтгэл-65, патент-18, стандарт-11 зэрэг асуудлыг шийдвэрлэн удирдан зохион байгуулжээ.
Ч.Чимэдрагчаа нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний ажилтнуудыг судалгааны арга зүй эзэмшүүлэх асуудлуудад онцгой анхаарч  ОХУ, БНХАУ, Польш, Грек зэрэг зэрэг улс орнуудад судлаач эрдэмтдийг өндөр нарийвчлалтай багаж төхөөрөмж дээр ажиллах арга зүйд сургах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх  ажлыг амжилттай зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна.
Мөн GMP-ийн шаардлага хангасан уламжлалт эмийн үйлдвэрийг бариулах, эрдэм шинжилгээ, эмчилгээ үйлчилгээг шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангах  зэрэг хөрөнгө оруулалтын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр  судалгаа шинжилгээ-эмчилгээ үйлчилгээ-эм үйлдвэрлэлийн чанар эрс дээшилсэн байна.
Судалгаа шинжилгээний дүнд бий болсон оюуны бүтээл, мэдлэг чадвар, туршлагыг түшиглэн  дэвшилтэт технологи нэвтрүүлэх  замаар зах зээлд өрсөлдөх чадвар бүхий брэнд эм, биллогийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх инновацийн төсөл боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна.   
Ч.Чимэдрагчаа нь 2009 онд “Дэд профессор” цол, 2007 онд “Боловсролын тэргүүний ажилтан”, 2010 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнуулсан бөгөөд  ЭМЯ-ны Уламжлалт анагаахын мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Уламжлалт анагаахын эмч судлаачдын нийгэмлэгийн тэргүүн, Уламжлалт эмийн улсын шинжээч, УАШУТҮК-ийн эрдэмтдийн зөвлөлийн дарга, Уламжлалт анагаахын сургуулийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүн зэрэг  сонгуульт ажлуудыг хавсран гүйцэтгэж байна.